
Сүйхэнт Уул
Мандах
Сүйхэнт нь Дорноговь аймгийн Мандах суманд, Ханбогд сумын хилийн орчимд байрладаг. Энэ нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд Монголд харьцангуй ховор тохиолддог чулуужсан модоороо алдартай. Сүйхэнт дэх чулуужсан модны үлдэгдэл тоо хэмжээний хувьд цөөн боловч сүүлийн жилүүдэд тэдгээрийг олборлон аймаг, сумын төвүүд рүү зөөвөрлөх явдал нэмэгдсэнээр нөөц нь багасахад хүрч байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор 4,830 га талбайг өвийн дурсгалт газар болгон улсын хамгаалалтад авсан. Мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнт болон Хатанбулаг сумын Эргэлийн зоо палеонтологийн дурсгалт газруудыг үл хөдлөх түүх, соёлын дурсгалын жагсаалтад оруулсан. Тус хамгаалалттай газрын хил заагийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 414 дүгээр тогтоолоор албан ёсоор баталж, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан.
