
Дэмчогийн хийд
Ханбогд
Дэмчогийн хийд нь Тавдугаар Ноён хутагт Д. Данзанравжаагийн Говь нутагт байгуулсан Галбын гурван хийдийн нэг юм. Хийдийн туурь нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын уулын дунд хэсэгт байрладаг. Түүхэн эх сурвалжид энэ хийдийг “Цогцолин хийд” гэж тэмдэглэсэн байдаг. Хийд нь Төвөд хэв маягийн хоёр давхар сүм, суварга, гэр, жижиг байшин, хэрэм болон том хаалгатай байсан. Зарим хэсгийг шатаасан тоосгоор, заримыг нь байгалийн чулуугаар барьжээ. Дэмчогийн хийдэд лам нар сууж, тогтмол хурал ном хурдаг байсан. 1933 оны архивын мэдээгээр тус хийдэд нийт 111 лам харьяалагдаж байсан бөгөөд 40 лам хийдэд тогтмол сууж байжээ. Мөн хийд 59 тэмээ, 1 адуу, 25 хонь, 34 ямаатай байсан байна. Хийд нь 1937–1938 оны хэлмэгдүүлэлтийн үед сүйдсэн. Өнөөдөр сүмийн туурь, хэрэм болон том суваргын үлдэгдэл хадгалагдан үлджээ.
