
Байшин цав
Ханбогд
Байшин цавын палеонтологийн дурсгалт газарт 1970-аад онд Монгол-Оросын хамтарсан экспедиц геологи, палеонтологийн судалгаа хийж, тус газрыг Баянширээгийн формацад хамааруулсан байдаг (Шувалов, Чхиквадзе, 1975). Далайн түвшнээс дээших өндөр нь 905 метр бөгөөд хамрах талбай нь ойролцоогоор 1.8 x 2.1 км юм. Энэхүү газар нь өргөн, тэгш тал дунд орших олон жижиг сайр, жалга, цавчим хажуу, жижиг илэрцүүдээс бүрддэг. Байшин цав нь үлэг гүрвэлийн олдворын баялаг нөөцөөрөө алдартай. Тус дурсгалт газрыг БЦ-I, БЦ-II, БЦ-III, БЦ-IV, БЦ-V гэсэн таван хэсэгт хуваадаг. Байшин цав-I нь зүүнээс баруун тийш сунаж тогтсон бөгөөд өмнө зүг рүү харсан цавчим хажуу үүсгэнэ. Байшин цав-II болон V нь Байшин цав-I-ийн зүүн үзүүрээс урагш чиглэн үргэлжлэх илэрцүүд юм. Харин Байшин цав-III болон IV нь дээрх хэсгүүдийн баруун урд талд байрлах намхан цавчим хажуу болон тусгаар жижиг илэрцүүдээс бүрдэнэ. Эдгээр давхаргууд нь сээр нуруутан амьтдын чулуужсан үлдэгдлээр баялаг. Сүүлийн үеийн малтлага судалгаагаар хадрозавроид бүлгийн үлэг гүрвэлүүдийн бүтэн араг яс, ясны бөөгнөрөл болон тусгаар ясны олон олдвор илэрсэн. Мөн дромеозаврид, орнитомимид болон теризинозаврын олдворууд энэ газраас олдсон байна. Байшин цав-I-ийн баруун хэсэг нь Elongatoolithid төрлийн үлэг гүрвэлийн өндөгний хальсны олдвороороо онцлог юм. Тус дурсгалт газрыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол болон 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан үл хөдлөх түүх, соёлын дурсгалт газар хэмээн бүртгэсэн. Байшин цав нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах бөгөөд Хожуу Цэрдийн галавын Баянширээгийн насанд хамаарна.
