
Амтгай Тойром
Ханбогд
Амтгайн палеонтологийн дурсгалт газар нь Байшин цаваас зүүн хойш ойролцоогоор 15 км зайд байрладаг бөгөөд Баянширээ формацын доод хэсэгт хамаарна гэж үздэг. Тус газрын ил гарсан давхаргын зузаан ойролцоогоор 45 метр бөгөөд эндээс Anosteira shuwalovi хэмээх сонирхолтой шинэ зүйл яст мэлхий илэрсэн нь онцлог юм. Амтгайн давхаргын насыг цэнгэг усны нялцгай биетний бүрдэл болон яст мэлхийн олдвор дээр үндэслэн Хожуу Сеноман–Туроны үед хамааруулан тогтоосон. Энэ нь олон улсын геохронологийн ангиллаар Баянширээ формацын доод хэсэгтэй дүйцдэг. Амтгай нь Өмнөговь аймгийн Ханбогд болон Манлай сумдын зааг орчимд байрлах Хожуу Цэрдийн галавын, тодруулбал Баянширээгийн насны палеонтологийн дурсгалт газар юм. Тус газрыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоол болон 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалттай үл хөдлөх түүх, соёлын дурсгалд бүртгэсэн.
